YA.GANBAATAR: 匈奴后代在何处?

来源:NER新闻网:http://ner.mn/p/1061

作者:YA.GANBAATAR

2020-08-27

2007 оны зун Унгар улсад нэг зуун мянга гаруй хүнийг төлөөлөн 2700 гаруй хүн гарын үсэг зурж, парламентдаа өргөн мэдүүлсэн хүсэлтдээ “өөрсдийг нь Хүннүгийн хойчис” мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Үүнээс гурван сарын өмнө Хятадын Аньхуй мужийн өмнө хэсэгт оршдог Дунжи хошууны нутаг, Наньси тосгонд 700 орчим “Хүннүгийн үр сад” оршин суудаг болох нь илэрчээ. Тэд өөрсдийгөө хүннүгийн “Алтан ургийнхан” буюу Зин овогтон хэмээн үзсээр ирсэн гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон судлаачдын хүлээн зөвшөөрснөөр бол тэд үнэхээр хятадын бус соёлын өв уламжлал хадгалж байгааг тогтоосон гэнэ. Сүүлийн үед энэ мэтээр агуу их Хүннүгийн үр сад болохыг хүсэгчид олширчээ. Казах, Узбек, Туркмен, Киргиз гээд Дундад Азийн саяхан тусгаар тогтносон СТАН-ы улсууд өнө эртний түүх намтартай болох гэж Хүннүгийн алдар сууд наалдах болжээ. Түүнчлэн Турк, Болгар, Солонгос улс, уйгур, хотон, манж, авар гээд хоёр их хөршийн харьяанд байдаг олон бага ястнууд ч Хүннүг булаалдаж байна. 
Эдгээр үйл явдал, нэгэн цагт Евразийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр хүчирхэг гүрэн байгуулан, хүн төрөлхтнийг чичрүүлж явсан тэр агуу их угсаатны удам хойчис өдгөө хаана, хэн гэгч нэр устайгаар оршин буй тухай асуудлыг хүчтэйгээр сэргээн тавихад хүргэжээ. Өөрсдийгөө Хүннүгийн удам хэмээн бахархан нэрлэж байгаа тэдгээр унгарчуудын дунд алтан шаргал үстэй, улаан туяатай цагаан арьстай хүмүүс цөөнгүй байгаа нь Төв Азиас нүүдэллэн Европод хүрч очсон нь нэгэнт нотлогдсон хүннүчүүдтэй огтхон ч төсгүй байгаагаас судлаачид тэднийг Хүннүгийн удам мөн гэдэгт итгээгүй бөгөөд, тэдний дээрх шинжүүдээс гадна угсаатны хамгийн гол чухал шинж тэмдгүүд болох соёл, хэл, шашны талын олон хүчин зүйл тэдний хувьд ихээхэн эргэлзээ төрүүлж байна гэж үзжээ. Гэвч асуудлыг нөгөө талаас нь авч үзвэл харинч олон зүйлсээр эерэг хариулт гарч ирж, тэдгээрийг амжилттай судалж байгаа эрдэмтэд цөөнгүй байгаа аж. Евразийн өргөн уудам газар нутаг дээр ноёрхон тогтнож асан Хүннүчүүдийн удам хойчис гэгдэгсэд ийнхүү өмнөд Азиас ч тэр, өрнөд Европоос ч тэр, гарч ирж байгаа нь тохиолдлын хэрэг огт биш гэдгийг юуны өмнө хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд Евразийн уудам их хээр талыг эзэгнэн дураар нүүдэллэн аж төрж асан тэднийг тухайн цагтаа энэ их газар нутаг дээр суурьшиж асан олон арван угсаатны нэгдмэл нийтлэг, холимог нийгэмлэг байсан учраас энэ их газар нутгийн өнцөг булан бүрт тэдний удам хойчис үлдэж хоцорсон гэж үзэх нь зүйд нийцэх буй заа. 
Энэ бүхнийг орхин, Хүннүгийн удам хойчисын ул мөрөөр мөшгин явж үзье. МТ 48 онд Хүн гүрэн задарч Өмнөд Хүннү, Умард Хүннү хуваагджээ. Өмнөд Хүннү нар хятадын Хан улсад дагаар орж, тэдний ивгээл хамгаалалд багтахын хамт умард хил хязгаарыг нь саяхан хуваагдсан ахан дүүсээсээ хамгаалан суусан юм. Голомтоо сахин үлдсэн Умард Хүннү нар нэг хэсэг хүчирхэг хэвээр байсан ч I зууны сүүлчээр дотроо дахин хагаралдаж, нэг хэсэг нь аанай л өмнөш нүүдэллэн Өмнөд Хүннүтэйгээ очиж нийлжээ. Өмнөд Хүннү нар, хүч нь суларч доройтсон умардынхныгаа байнга довтлон түйвээж байснаас Умард Хүннүгийн хүчин чадал тасралтгүй сулран доройтох болсон тул тэдний харьяанд байсан Үсүн, Сяньби, Динлин нар аажмаар салан одоцгоов. МТ 88 онд Умард Хүннүгийн эл байдлыг ашиглан Хан улс, Өмнөд Хүннүг ятган, доройтсон дээр нь бүрмөсөн дарж авахыг хүсч, улмаар 89-91 оны хооронд гурван удаагийн их аян дайн хийжээ. Их говийн ар талд уугуул нутагтаа голомтоо сахин суусан умардынхан ийнхүү сэргэлтгүй болтлоо ялагдан доройтоод энэ их дайн дажин, ган гачиг, зуд турхны хөлөөс холдон зайлахаас өөр аргагүйд хүрчээ. Хаашаа холдон зайлах билээ? гэхүл гагцхүү өрнө зүгт л одох боломж харагдаж байлаа. 
Тийнхүү 91 онд өрнө зүгийг чиглэн дүрвэсэн хүннүчүүдийн нэг хэсэг нь тэр үеийн Баруун орон, Баруун хязгаар хэмээгдэж байсан бүс нутгийн хойд хэсэг буюу одоогийн Шинжааны Хамигаас хойш Зүүнгарын хотгор хүртэлх нутагт үлдсэн бөгөөд тэнд хүннүчүүд эртнээс суурьшин амьдарч байсан билээ. Харамсалтай нь хожмын түүх бичлэгт тэдний тухай юу ч үлдээгүй байна. Түүнчлэн тэр цагаас хойш нэг хэсэг умард Хүннүгийн тухай мэдээ занги хятадын түүх бичлэгт ч тэмдэглэгдээгүй аж. Хоёр зууны дараа 374 оны үест сая “Таван Ху нар Хятадыг түйвээсэн” тухай, өрнөдийн түүх бичлэгт Хүн нар Европод үзэгдэж эхэлсэн тухай тус тус тэмдэглэгдэх болов. Таван Ху гэдэг нь Хятадад дагаар орсон эртний нүүдэлчин угсааны  таван аймгийг хэлдэг. 
Баруун тийш нүүдэллэсэн хүннүчүүдээсээ тасарч үлдсэн нэг буман өрхийн таван зуун мянган хүн ам, түрэн орж ирсэн Сяньби нартай нийлэн сууж, өөрсдийгөө Сяньбичууд хэмээн нэрлэх болжээ. Тэднийг түүхэнд Тоба сяньби гэдэг. Тэхлээр хүннүгийн удам хойчсыг бид Тоба сяньбигийн дундаас хөөн үзэх хэрэгтэй болж байна. Тоба сяньби гэдэг энэ нэр анхаарал татна. Учир нь сяньби эцэгтэй, хүннү эхтэй хүмүүсийг тобачууд гэдэг хэмээн түүх бичлэгт тэмдэглэсэн байдаг. Хятадын эрдэмтэн Ма Чаншоу “Хүннүгийн уугуул нутагт ирж, тэнд үлдсэн хүннүчүүлтэй холилдон суусан сяньбичуудын дараачийн үе удмыг тоба сяньби гэж нэрлэсэн нь ойлгомжтой” гэж үзсэн нь зөв юм. Тобачуудын соёлын дотор хүннүгийн “юм” маш их байдаг нь ч үүнийг илтгэнэ. 
БНХАУ-ын Жилиний Их Сургуулийн эрдэмтдийн олон жилийн туршид хийсэн Хүннү, Тоба сяньби хүмүүсийн DNA-гийн судалгааны үр дүн тэдний угсаа гарлын хэлхээ холбоог бүрнээ олж илрүүлжээ. Тэрхүү судалгааны дүнд олон арван жилийн туршид маргалдсаар ирсэн Хүннүгийн угсаа гарлыг нэг тийш болгосон гэж хятадын эрдэмтэд үздэг. Тухайлбал нэг хэсэг эрдэмтэд хүннүг түрэг гаралтай гэж, нөгөө хэсэг нь монгол гаралтай гэж мэтгэлцсээр ирсэн бол өнөөг хүртэл хүннү хүмүүсийн яс, үсэнд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд тэднийг монгол төрхтөн байсан гэдгийг нотолсон байна.
Гэхдээ монгол төрхтөн буюу “Монголоид” гэдэг шинжлэх ухааны энэ нэр томьёо нь өргөн утгатай гэдгийг ойлгох ёстой. Монголжуу буюу монгол төрхтөн хүмүүс гэдэг бол яг монгол гэсэн үг биш бөгөөд, өнөөгийн бидний монгол үндэстэн гэдгээс нэлээд өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүн төрөлхтөн Европ төрхтөн буюу цагаан арьстан, Негр төрхтөн буюу хар арьстан, Монгол төрхтөн буюу шар арьстан гэж гурав хуваагддагийн нэг болох монгол төрхтөнд Азийн бүх шар арьстан ард түмэн багтдаг. Энэ дотор Сибирийн монгол төрхтөн, Зүүн Азийн монгол төрхтөн, Зүүн хойд Азийн монгол төрхтөн гэгдсэн Төв Азийн нүүдэлчин ард түмнүүд багтдаг байна. Эдгээр монгол төрхтөн нь нэг угсаа гаралтай боловч өөр хоорондоо тодорхой зүйлүүдээр ялгардаг юм. 
Хятадын болоод гадаадын судлаачдын судалгаагаар хүннү угсаатан нь төрхтний хувьд олон янзын бүрдэлтэй болох нь тогтоогджээ. Тухайлбал өнөөгийн Монгол Улс, Сибирийн бүс нутгаар аж төрж байсан хүннүчүүд нь төрхтний хувьд Монгол төрхтний Хойд Азийн бүлэгт хамаарах бөгөөд нарийхан магнай, өргөн нүүртэй байдгаараа ялгарч байсны дээр сүүлдээ европ төрхтний хэв шинжийг авсан байна. Тэгвэл өнөөгийн Хятадын нутаг дэсгэрийн Шар мөрний дунд урсгалын хоёр талаар аж төрж байсан хүннүчүүд нь Хойд Азийн монгол төрхтөн ба Зүүн Азийн монгол төрхтний холимог хэв шинжийг хадгалж байжээ. Тэдний онцлог нь өргөн магнай, нарийвтар нүүр байв. Тэгвэл хүннү ба тобачуудын гавлын ясыг хооронд нь харьцуулж үзэхэд аль аль нь монгол төрхтний Хойд Азийн бүлгийг илэрхийлж байгаа нь тэдний угсаа гарлын нэгдмэл байдлыг харуулж байна. Анхаарууштай нэг чухал зүйл бол цаг хугацаа наашлах тутам Умард Хүннүгийн уугуул нутаг дээрх тобачуудын гавлын яс нь умард хүннүчүүдийнхтэй улам адилхан болж байгаа явдал мөн. 
Тоба сяньбичуудын өвөг дээдсийн гавлын ясны магнай нь харьцангуй өндөр, өргөн нүүртэй байсан агаад энэхүү шинжийн илэрхийлэл болсон яс, шарил Зүүн хойд Хятадын нутгаас их олддог аж. Тэгвэл тоба сяньбичуудын доторх нарийхан магнайтай хэв шинж нь Өвөр Монголын Хөлөнбуйр, Улаанхад нутаг орчмоос олддог. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ нь Сяньби нар Хүннүгийн уугуул нутгийг эзлэн суусан тэр цаг үед хамаарч байна. Энэ бол нарийхан магнайтай, өргөн нүүртэй хүннүчүүдийн хэв шинжийг өвлөн авсны нь илрэл мөн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Дээрх нутгуудаас олдсон тобачуудын яс нь хүннү-сяньбигийн холилдсон удам хойчсынх буюу өөрсдийгөө Сяньби гэж нэрлэсэн хүннүчүүдийн удам угсааных болох нь эргэлзээгүй биз ээ. 
Энэ дүгнэлтэд хүрснийхээ дараа Хятадын эрдэмтэд, өөр нэг нүүдэлчин ард түмний төлөөлөл рүү хандсан бөгөөд тэр бол Хитан угсаатан юм. Хитанчууд бол төрхтний хувьд Хойд Азийн монгол төрхтөнд хамаардаг агаад гавлын яс нь бөөрөнхийдүү, өргөн магнайтай байхын зэрэгцээ бас хавтгай, өргөн нүүртэй байжээ. Эдгээр шинж нь тоба сяньбичуудын дээр дурдсан шинжүүдээс арай өөр байгаа нь юуг харуулж байна вэ? гэхүл хитанчууд нь Зүүн Ази ба Зүүн хойд Азийн монгол төрхтнүүдтэй илүү ихээр холилдож байсны гэрч буй заа. 
Өнөөдөр хитанчуудын угсаа гарлын талаар эрдэмтдийн дунд нэгдмэл болсон үзэл таамаглал бол хитанчууд нь Сяньбигийн юйвэн аймгийн нэг салбар байсан гэдэг. Тэхлээр юйвэнчүүд Хүннү угсаатай болж таарч байна. Хятадын эртний түүхийн эх сурвалжийн нэг болох “Умардын түүх, Хүннүгийн юйвэн аймгийн цадиг”-т “Хүннүгийн юйвэн аймаг нь Ляодун( өнөөгийн Зүүн хойд Хятадын нэг хэсэг буюу Хитан нарын уугуул нутаг)-д нутаглаж байсан бөгөөд өвөг дээдэс нь Өмнөд Хүннүгийн шаньюйн хойчис юм. Хэл яриа нь сяньби хэлнээс нэг их зөрүүгүй” хэмээсэн байдаг. Хэрэв энэ өгүүлбэр үнэний хувьтай бол Юйвэн сяньбигаас гаралтай хитан угсаатан нь хүннү нартай, тэр тусмаа өмнөд хүннүчүүдтэй угсаа гарлын талаар ямар нэгэн холбоотой болж байна. Хэдийгээр энэ шинжээр нь хөөн үзэхэд хүннүгийн удам угсаа “тасарч” байгаа мэт боловч одоо DNA-гийн судалгааг авч үзвэл асуудал дахин тодорхой болно. 
Хятадын эрдэмтэд хүннү, сяньби, өнөөгийн дагуур, эвенк, өлүнчүнь, монгол, өвөрмонгол, буриад, солонгос, Хойд Хятадын хан үндэстэн, Өмнөд Хятадын хан үндэстэн, казах, узбек, турк хүмүүсийн удамшлын хэлхээ холбоо, ижилсэл, ондоошлын асуудлыг цогцоор нь авч үзэн судалжээ. Үр дүнд нь тоба сяньби ба өнөөгийн Зүүн хойд Хятадын нутагт, бүр тодруулвал Өвөр Монголын Хөлөнбуйрт оршин суудаг өлүнчүнь хүмүүс хамгийн ойр, дараа нь хүннү-өлүнчүнь хүмүүс ойрхон болох нь илэрчээ. Нэг үгээр хэлбэл өнөөгийн Хөлөнбуйрын уугуул иргэд ба эртний тобачууд ихээхэн ойр төрлийнхөн болж байна. Түүхэн цаг үед болж өнгөрсөн мөнөөхөн Умард Хүннү ба Тоба сяньби нарын холилдон нийлсэн тэр хэрэг явдлаас улбаалан хөөж үзсээр ийнхүү өнөөгийн Хөлөнбуйрын өлүнчүньчүүд биедээ Умард Хүннүчүүдийн хэв шинжийг ихээр хадгалж иржээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тэгвэл Өмнөд Хүннүгийн удамшлын хэв шинжийг Хитанчууд хамгийн ихээр хадгалсан байгаа бол хитанчуудын удамшлын хэв шинжийг хожмын ямар угсаатан илүүтэйгээр хадгалсан байгаа бол? гэдэг асуулт урган гарна. 
1995 онд Хятадын Анагаах Ухааны Академи ба Нийгмийн Шинжлэх Ухааны Академиас хамтран хийсэн судалгааны илтгэлд хитан хүний гавлын яс, шүд, бусад ясанд хийсэн DNA-гийн судалгааны дүнг Өвөр Монголын Морин даваа болон бусад нутгаас олдсон дагуур, эвенк, мөн монгол, хятад хүмүүсийн цус, цусны DNA-гийн судалгааны дүнтэй харьцуулан үзжээ. Судалгааны дүнд хитан ба дагуур хүний хэв шинж хамгийн ойр гарсан нь дагуурчууд хитанчуудын удамтай болохыг харуулсан байна. Ийнхүү энэхүү үргэлжилсэн цогц судалгааны үр дүнд дагуур хүн удамшлын гинжин цувралын сүүлчийн цэг болж байгаа нь тодорхой болжээ. Дагуур угсаатан бол монгол үндэстний нэг ястан билээ. 1958 онд Зөвлөлтийн Засгийн газар Буриад Монгол гэдэг нэрнээс монгол гэдэг нэрийг нь хасах шийдвэр гаргасан бол 1959 онд БНХАУ-ын Засгийн газар Дагуур монгол гэдэг нэрнээс монгол гэдэг нэрийг нь хасах шийдвэр гаргасан байдаг. 
Хүн гүрэн өмнөд, умардад хуваагдсанаас хойш аажмаар түүхийн тавцнаас гээгдэж эхэлсэн ч тэдний ул мөр, үр угшил олон талаар үргэлжлэн хөвөрсөөр байж, түрэгийн дараа Евразийн уудам их нутаг дэвсгэр дээр ноёрхон гарч ирсэн монгол үндэстэн тэднийг бүх талаараа өвлөн авсан нь өнөөдөр хэнд ч илэрхий зүйл билээ. Монголчуудын өвлөн авсан тэр их өв соёлын дотор аж төрөх ёс, малчин ахуй, нийгмийн зохион байгуулалтын мянгатын тогтолцоо, хөнгөн морин цэргийн байлдах урлаг, амьтны дүрст алтан гар урлал, бөөгийн шүтлэг зэрэг нь яах аргагүй Хүннүгээс угшилтай. Тэр ч бүү хэл, бүр хүннүгээс ч өмнөх цаг үеийн асар их өв соёлын зүйлийн талаар эцэс төгсгөлгүй ихийг тоочин өгүүлж болно. 
Ганцхан жишээ хэлэхэд бугын шүтээн, буга шүтэх ёс нь бүр хүннүгээс хол өмнөх цаг үеийн Төв Азийн нүүдэлчин малчин ард түмнүүдийн зан үйл агаад тэр тухай өнөөдөр бид хадны зураг, хад чулуун дээрх сийлбэр, алдарт Буган чулуун хөшөөнүүдээс олж мэддэг. Энэ бол нүүдэлчид адууг гаршуулан гэршүүлэхээс өмнө бугатай “хөөцөлдөж” явсныг илтгэх бөгөөд тэр нь амжилтгүй болсны дараа сая адуутай “зууралдах” болсон байж болох нь тун магадтай байдаг болой. Энд БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг голчлон дурдлаа. Тийм болохоор Монгол Улсад аж төрж буй монголчуудын тухайт судалгаа, шинжилгээ бага хийгдсэн байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэ талаар манай болоод гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг цухас боловч дурдах нь зүйтэй гэж үзэж байна. 
1943 онд Монгол Оросын хамтарсан экспедиц Эгийн голын хөндийгөөс МЭӨ 3-р зуунаас МЭ 2-р зуунд хамаарах Хүн нарын оршуулгын газрыг олж илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан түүхтэй. Эндээс олдсон 60 гаруй сайн хадгалагдсан гавлын ясанд Франц, Унгарын эрдэмтэд митохондрын буюу зөвхөн эхээс дамждаг, Ү-хромосомын буюу эцгээс дамждаг, автосомын буюу аль алинаас нь дамждаг ДНХ-ийн судалгааг 2003 оноос хийж эхэлжээ. Олонхи эрдэмтэдийн үздэгчлэн Ази, Европ хүмүүсийн генетикийн солилцоо нэлээн хожим явагдсан гэдэг ойлголтыг энэ судалгаа няцаасан юм. Учир нь эдгээр ясны ДНХ-ээс Европ угсаатантай ижил төсөө ажиглагдсан бөгөөд тэр үеийн Хүн нар 10 хувийн европ, 90 хувийн азийн шинж төрхийг агуулсан генетикийн холимог бүрдэлтэй гарсан нь бүр Хүн гүрэн байгуулагдахаас нэлээн өмнө ази, европ хүмүүсийн генетикийн солилцоо эрчимтэй явагдсан болохыг харуулж байна.
Энэ харьцуулсан шинжилгээний гол зорилго нь Монголын нутаг дахь одоогийн болон эртний хүмүүсийн хооронд генетикийн уялдаа холбоо адил төстэй шинж байгаа эсэхэд үнэлэлт өгөх явдал байв. Мөн эртний хүннү хүмүүсийг (сорьц) одоогийн якутуудын өвгийн аль нэгтэй харьцуулсан судалгаанаас, Якутын одоогийн хүмүүсээс авсан өгөгдөхүүн, ном хэвлэлд гарсан Түрк хүмүүсийн өгөгдөхүүнийг энэхүү судалгаандаа хамруулан судалсан байна. Судалгааны гол үр дүн нь Хүннүгийн генетикийн ижил төсөө Монголын янз бүрийн цаг хугацааны болон газарзүйн байрлалаас авсан өгөгдөхүүнд ажиглагдсан явдал байв. 
Энэ үр дүн Монголын нутаг дахь Түрк болон Монголын овог аймгууд цаг хугацааны уртад генетикийн солилцооноосоо илүүтэйгээр соёлын солилцоо хийжээ гэсэн таамаглалд хүргэжээ. Үүнээс гадна урьд нь таамаглаж байсанчлан Якутын өвөг дээдэс Хүннү аймгуудын дунд олдсонгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн “Монголын хүн амын үүсэл гарал: Эртний ба орчин үеийн ДНХ-ийнгенетик бүтцийн шинжилгээ” хэмээх сэдэвтэй энэхүү томоохон бөгөөд сонирхолтой судалгааг Франц, Унгарын эрдэмтэд Кристин Кейсер-Тракуй, Эрик Крубези, Хоролма Ламзав, Тибор Варга, Бертранд Лудес нар хамтран хийсэн байна. 

责任编辑:保罗
相关人物
YA. GANBAATAR

YA. GANBAATAR在历史,文学和诗歌的翻...

了解更多